ДОТООД ОРЧНЫ БОХИР АГААР АЮУЛТАЙ

ДОТООД ОРЧНЫ БОХИР АГААР АЮУЛТАЙ

Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчинд буюу ажлын байр, сургууль, цэцэрлэг, машин, гэрийн нөхцөлд өнгөрүүлдэг. Тиймээс дотоод орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд асар их нөлөөтэй. ДЭМБ дотоод орчны агаарын бохирдол нь өвчлөл үүсэхэд нөлөөлдөг томоохон эрсдэлт хүчин зүйл гэж үздэг байна. Дотоод орчны агаарын чанарт гадаад орчны агаарын бохирдол, тамхины утаа, гэрт гал түлэх, хоол хийх, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, барилгын материал болон хулдаас, тавилга, угаалга цэвэрлэгээний бодис зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг.
Эдгээрээс нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, хүхэрлэг хий, хүхрийн давхар исэл, тоос тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд, формальдегид зэрэг бохирдуулагч бодис мөн түүнчлэн хөгц мөөгөнцөр, нян, хачиг зэрэг нь арьс, амьсгалын замаар хүний биед нэвтэрч уушгины хатгалгаа, зүрх судасны өвчлөл, харшил, бага жинтэй төрөлт, уушгины хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдгийг судалгааны дүнгээр эрдэмтэд тогтоогоод байна.
Улаанбаатар хотын айл өрхүүд, албан байгууллагуудын дотоод орчны агаарын бохирдол гадаад орчныхоос дутахааргүй байгаа ажээ. Ялангуяа гэр хорооллын айл өрхүүдийн дотоод орчны агаарын бохирдол орон сууцны айлуудынхаас 2-3 дахин их байна. Дотоод орчны бохирдлыг нийслэлийн аль ч дүүрэгт хэмжиж үзэхэд хэвийн хэмжээнээс хэд дахин их байдаг. Энэ нь манай ихэнх барилга байшин агааржуулалт маш муу тул агаар сэлгэлт тааруу.байдагтай холбоотой.
Ахуйн нөхцөлд дотоод орчны агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх боломжтой вэ?
Дотоод орчны агаарын бохирдуулагч эх үүсвэрүүд айл өрх, ажлын байр бүрд адилгүй тул сайтар ажиглаж агаарын чанарыг сайжруулах аргуудаа сонгон ашиглана. Жишээлбэл, бүх дотоод орчинд тамхи татахгүй байх, өдөрт 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалтыг хамгийн багадаа 30 минут хийх хэрэгтэй.
Агаар цэвэршүүлэгч төхөөрөмж нь хувь хүний эрүүл мэндээ хамгаалах чухал хэрэгсэл юм. Гэхдээ үүнийг ашиглах хугацаа, шүүлтүүрийг хэзээ солих зэрэг заавар зөвлөмжийг заавал сайн мэдэж байх нь зүйтэй. Хугацаа дууссан эсвэл хэт бохирдсон шүүлтүүр нь эргээд дотоод орчиндоо улам их бохирдол үүсгэдэг.